FCS | Cl@[N*].!

Манай FCS | SERVER-н BLOG-т ТАВТАЙ МОРИЛ.!

Увс аймаг

2010-02-17 19:27

Вэбсайт  www.uvsmongolia.mn

 Увс аймгийн хиймэл дагуулаас авсан зураг

 


View Larger Map

 

Түүх
1686 онд Ойрад Монголын их хаан Галдан бошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом сум (хотын) анхны шав тавигдсан гэж үздэг.
Ийнхүү газар тариалангийн суурин (Yүнийг гэрчлэх ул үндэс нь Арсайн суурин байж болох юм) нь Увс аймагт анх тавигджээ.
1871 онд Чандмань уулын орчимд Дэчинравжаалан хөндийн анхны дацан болох Лүүжин дацан байгуулагдсан нь Улаангомын хүрээний анхны суурь болсон байна.
Лүүжин Дацангын дэргэд Цогчин дугана, олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна. Улаангомын хүрээ нь сүсэгтэн олны дунд ихээхэн нөлөөтэй болж 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж, Дөрвөдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин, улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна. 1931 оны 2 сард Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинэчлэн Чандмань уулын аймгийг Увс, Ховд хоёр аймаг болгосноор Улаангом нь Увс аймгийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлээ тавьсан юм.
Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11 сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд:
"Аймгийн эрх барих газар аймгийн захиргаааг сонгон байгуулж, Дөрвөдийн аймгийн хуучин нэр болох "Дөрвөд далай хан аймаг" нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж, төвийг Улаангомд суурьшуулахаар тогтжээ. Чандмань уулын аймаг нь 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арванаар бүрдэл болон байгуулагдсан болой"
гэжээ. Энэхүү 41 сумын 13 нь одоогийн Ховд аймгийн, бусад 28 нь Увс аймгийн сумд байжээ.
• 1925 - 1931 онуудад Чандмань уулын аймаг
• 1931 - 1932 онд Дөрвөдийн аймаг
• 1933 оноос Увс аймаг гэж тус тус нэрлэжээ.
1931 онд Чандмань уулын аймгийг 2 аймаг болгоход Увс аймаг 16 сум, 150 баг, 9133 өрх, 43188 хүн амтай байжээ. 1933 онд Увс аймгийн жилийн төсөв 140.0 мянга төгрөг байсан бол 1961 онд 6,6 сая төгрөг, 1981 онд 33,7 сая, 1990 онд 78,4 сая төгрөг болж өсчээ. Увс аймгийн төв нь Улаангом сум юм.
1957 онд барилгын 3-р ангийг тус суманд байгууласнаар орчин үеийн хийц загвар бүхий олон сайхан барилга байгууламж баригдан Улаангом сум хотших төлөвөө олсон юм. 1942 онд Идэш тэжээлийн хүнсний комбинат, 1959 онд гурилын үйлдвэр ашиглалтанд орсноор Улаангом төдийгүй Увс аймгийн хүнсний хангамж эрс сайжирсан юм. 1959 онд Улаангом сумаас Улаангом хотыг тусгаарлан орон сууц гудамжны 4-р хороо, хотын АДХГЗ байгуулагдсан нь хотыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх өргөн бололцоог нээж өгсөн юм. Улаангом суманд одоо Увс аймгийн нийт хүн амын 30 шахам хувь буюу 27.0 мянга гаруй хүн оршин амьдарч байна. Одоо Улаангом сум нь засаг захиргааны хувьд есөн багтай бөгөөд долоон баг нь Улаангом хотод, хоёр баг нь хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхэлж байна.
Газар зүй
Увс аймаг нь Монголын баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116 м өндөр Хархираа уул юм. Хархираа Тургэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ. Чулуун нүүрс (Нүүрст хотгор, Хар Тарвагатай) бий бөгөөд барилгын материалын баялагтай мөн жамц давсны асар их нөөцтэй Шүдэн уул энд бий.
Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг гэхчилэн том нуурууд оршино. Хартэрмэсийн, Хавцал Боомын, Бургастайн зэрэг рашаан ус бий. Аймгийн нутгийн ихэнх хэсэгт хээрийн цайвар хүрэн хөрс, уулархаг нутгаар уулын нугын талийн ба хар шороон хөрстэй, нуурын хсггор хөндий газраар намгархаг элсэрхэг хөрстэй, уулархаг нутгаараа ой хөвч, тагийн ургамалтай, нууруудын хотгороор говийн ургамал ургана. Мөн ой хөвчийн буга зэрэг амьтнаас эхлээд говийн хар сүүлт гэхчилэн ан амьтан элбэгтэй.
Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/
• Баруунтуруун сум         188
• Бөхмөрөн сум              180
• Давст сум                       137
• Завхан сум                     168
• Зүүнговь сум                 134
• Зүүнхангай сум             339
• Малчин сум                    110
• Наранбулаг сум            90
• Өлгий сум                       11
• Өмнөговь сум               119
• Өндөрхангай сум         268
• Сагил сум                      57
• Тариалан сум               31
• Тэс сум                           158
• Түргэн сум                     34
• Улаангом сум   
• Ховд сум    
• Хяргас сум                     180
• Цагаанхангай сум        225
Аж үйлдвэр
Увс аймаг нутгийн зүүн хэсэгт газар тариалан хөгжүүлсэн, аймгийн төв Улаангомд барилгын, хүнсний үйлдвэрүүдтэй. Увс аймагт ОХУ руу гарах хилийн боомт Давст сумын нутагт Боршоо, Тэс сумын нутагт Тэс боомт бий.


 

Увс нуур

Их нууруудын хотгорын хойт хагаст оршдог ба түүний усны ил гадаргын талбай  3350 хавтгай дөрвөлжин километр, нуурын хамгийн урт 84 км, өргөн 79 км   болно. Увс нуур нь 759м өндөрт оршдог, сульфат натрийн давстай том нуур юм. Нуурын гүн тодорхой биш магад 22м гэж үздэг. Усны мандал 759 метр үнэлэх өндөрт орших учир их нууруудын хотгор дахь хамгийн нам газарт байгаа ба эргэн тойрон цөлийн ландшафт бүрэн ноёрхоно. 

Нэн ялангуяа зүүн, зүүн өмнө талаас цутгах Нарийн ба Баруун турууны голын хөндийг нэлд нь хамарсан (4000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайтай) Бориг Дэлийн элс нуурын захад тулж элсэн манхан тогтоно. Гэтэл нуурын бусад хэсэгт чулуурхаг тал хайр сайр болон эртний нуурын хурдас түгээмэл тархсан байхаас гадна намаг бамбалзуур бүхий эргийн хөвөө бэлон цутгал голын адагт зэгс   шигүү ургасан байна. Ер нь Хархираа Түргэн, Тагна зэрэг нуруудын мөнх цас мөсөн голоос эх авч урсах голуудын адагт хөрсний ус дээш гарч булаг шанд үүсэх учир намаг багагүй тархсан байна. Увс нуур хэдийгээр тэгш нам газарт орших боловч эргийн шугам харьцангуй их тахирлаж энд тэндгүй хушуу булан үүсчээ. Ялангуяа цутгал голууд (Хархираа, Түргэн, Хөндлөн, Торхолог)-ын садраа адагт голдуу элс хайр том бул чулуунаас бүрдсэн 5-10 километр урт хойг үүснэ. Манай орны хамгийн том нуурын нэг болох энэ нуурын эрт цагийн усны түвшин, гурим, гүн ёроолын гадарга хэлбэр хэмжлийн талаар тусгайлан судлаагүй болохоор бүрэн тодорхойлолт өгөх боломж энэ хир үгүй байна. Геологийн өнгөрсөн үетэй харьцуулж үзвэл Увс нуурын ус татарч багассан нь илт юм.

 

Чандманий дурсгал

  Увс аймгийн Улаангом хотын ойролцоо Чандмань уулнаас 1972 онд илэрсэн бүлэг булш Чандманий дурсгал нэрээр алдаршжээ. Уг дурсгалыг судалсан эрдэмтэд эд өлгийн зүйл, булшны зохион байгуулалт зэрэг олон талаас нь хөрш зэргэлдээ Тува, Уулын Алтайн дурсгалуудтай харьцуулан судалж МЭӨ VII-III зууны үед холбогдох болохыг тогтоожээ. Чандманий дурсгалын гол онцлог шинж нь дүнзэн бунхант булшинд 5-8 үхэгсдийг бөөнөөр оршуулсан ба шарилын хөлийг   атийлган, толгойг баруун хойш хандуулан тавьсан байжээ. Ийм  дурсгал Монголын нутгаас нэмж илрээгүй байна. Чандманий булшнуудад дагалдуулан тавьсан эд өлгийн зүйл дотор хүрлээс гадна төмөр эдлэлүүд тохиолдож байсан. Тиймээс судлаачид Чандманий дурсгалыг үлдээгч овог аймгуудыг төмөр боловсруулж амьдрал ахуйдаа хэрэглэж байсан гэдгийг тогтоож, монгол нутагт МЭӨ I мянган жилийн дунд үеэс төмрийг хэрэглэж, ашиглаж эхэлсэн болохыг баттай тогтоож өгчээ.

 

Ангилал : танин мэдэхүй | Нийтэлсэн : ir-ee-dui | Уншсан (718) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. nnn :
    2010-08-18 10:48

    tsagaanhangai gej sum baihgui tsagaanhairhan gej sum baidag

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл